Н.Учрал: Сайд нар ажилдаа дарагдаж ядраад, амжихгүй байвал хэлээрэй
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулжээ
Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны хуралдаанаар “Нийслэлийн цахим шилжилтийн төслүүд”-ийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн мэдээллийг сонслоо. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцуулсан. Тэрбээр мэдээлэлдээ, Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудал, үйлчилгээ, түүний чанар, хүртээмжийг сайжруулах, авто замын түгжрэлийг бууруулах, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, таслан зогсоох, илрүүлэх замаар нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, амар тайван орчныг бүрдүүлэхэд мэдээллийн технологийн дэвшилтийг ашиглах, урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулахаар, бэлтгэл ханган ажиллаж байна гэж байлаа.
Мөн нийслэлийн 2026 оны төсвийн хэлэлцүүлэгтэй уялдуулан 77 мянга гаруй иргэнээс санал авахад, гудамжны болон орчны камержуулалт нэг чухал гэж байсан. 2025 онд нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв” болон нутгийн захиргааны байгууллагын дэргэд есөн дүүргийн Засаг даргын дэргэд “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж ажилласан. Цаашлаад Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг хиймэл оюун ухаанд суурилсан систем ашиглан илрүүлэх боломжтой болгон ажиллаж байна гэж байлаа. Түүнчлэн нийслэлийн “Теле камерын нэгдсэн удирдлагын төв”-д авто замын хяналтын болон зөрчлийн камер, есөн дүүргийн теле камерын дэд хяналтын төв холбогдож, дүүргүүдийн нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь хувийн болон төрийн эзэмшлийн хяналтын камеруудыг нэгдсэн системд холбох ажлуудыг хийж буйг мэдээлэлд дурдсан байв.
Теле камерын нэгдсэн систем болон дэд хяналтын төвөөс мэдээллийг тусгай чиг үүргийн байгууллагад хуульд заасан эрх зүйн орчны хүрээнд мэдээллийг авч, үндсэн чиг үүргийн дагуу ашиглах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа өндөр ач холбогдолтой гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалай мэдээлэлдээ онцолсон.