Т.Даваадалай: Нийтийн тээврийн орлого 65 тэрбум төгрөгийг давсан

Нийтийн тээврийн цахим системийн хүрээнд төлбөр тооцооны болон тээврийн удирдлагын системийг хөгжүүлж байна. Мөн 1100 автобусанд жолоочийн хяналтын камер, урд замын хяналтын камер, зорчигч тоологч, алкоголь мэдрэгч карт болон QR код уншигч, агаарын чанарын мэдрэгч гэх мэт төхөөрөмжүүдийг суурилуулан нэгдсэн байдлаар хянаж, мэдээллүүдийг авах боломжтой болгон, хөгжүүлэлтүүдийг хийж байна гэв. Төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд гар утсаараа нийтийн тээврийн төлбөрийг төлөх UB card аппликэйшн, шинэ төлбөрийн карт, иргэдэд үйлчлэх автомат машин буюу киоск болон бүх төрлийн банкны төлбөрийг унших боломжийг бүрдүүлсэн. UB card аппликэйшнийг дөрвөн удаагийн зорчилтыг мянган төгрөгөөр хийхээр, автобусны парк шинэчлэлтэй уялдуулснаар 2023, 2024 онд нийтийн тээврийн орлого 28, 31 тэрбум төгрөг хүрч байсан бол 2025 оны байдлаар тус орлого 65 тэрбум төгрөгийг давсан гэж байлаа.

Түүнчлэн киоскоор нэг удаагийн тасалбар авах, карт авах, цэнэглэх боломжтой болгосон төдийгүй  лед мэдээллийн самбарын тусламжтайгаар тухайн автобусны буудал дээр ирж буй чиглэлийн мэдээллийг зорчигчдод харуулах боломжтой болсныг мэдээлэлд дурдаж байлаа.

Нийслэлийн төрийн байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийг холбосон өдөр тутмын хэрэглээний аппликэйшнүүдийг нэг дор багтаасан дижитал платфорыг нэвтрүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 195555 таталт хийгдэж, нийт 170234 иргэн ашиглаж байна гэсэн байв. Тухайлбал, хагас коксжсон шахмал түлшийг Хотула аппликэйшнээр дамжуулан олгож байгаагаас иргэд түлшний цэг, нөөц зэргийг харах боломжтой болсон төдийгүй аппликэйшний тусламжтайгаар төлбөр, тооцоо хийх, нийслэл хотын бүх үйлчилгээг авах, иргэд, төрийн захиргааны байгууллагад санал, хүсэлт гаргах, шийдвэрлэлтэд нь хяналт тавих зэрэг боломж бүрдэнэ. Мөн бид Хотула газрын зургийн систем дээр хаягийн систем, автобусны маршрут, зогсоолын мэдээлэл, цаг хугацаа, байршлыг харах боломжтой болгоно гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч  мэдээлэлдээ онцлон тэмдэглэв.

Нийслэлийн нэгдсэн дата төвийг орчин үеийн модулийн шийдлээр байгуулж, олон улсын стандартын зогсуур, сервис, сүлжээний тоног төхөөрөмж, цахилгаан хангамж, хөргүүр, галын дохиолол, нэвтрэлтийн систем зэрэг өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулан, нутгийн захиргааны байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллаж байгааг мэдээлэлд дурдаж байлаа. 

Тэрбээр цаашид хийх ажлын талаар товч танилцуулав. Тодруулбал, 2026 онд мэдээллийн технологийн чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үндсэн бодлогын хувьд Улаанбаатар хотын хэмжээнд программ хангамж, хөгжүүлэлтийн бүх байгууллагуудтай уулзаж, үр ашиггүй программ хангамжуудыг нэгтгэх, тодорхой ажлуудыг идэвхжүүлэх, үргэлжлүүлэхээр болжээ. Мөн 2026 онд нийслэлийн хэмжээнд ухаалаг AI систем дата өгөгдлийг ашиглан хэмнэж болох орон тоо, үйлдлүүдийг судлахыг үүрэг болгож, холбогдох төсвийг суулгасан гэж байлаа.  

Өнгөрсөн онд хийсэн камержуулалтын ажлыг сайжруулж, ирэх 2026 оноос нийтийн аж ахуй аж ахуйд хяналтын камерын системийг ашиглах боломжийг бүрдүүлнэ. Үүнд хог хаягдлын цэгүүдийг камержуулах, нийтийн эзэмшлийн гудамж, талбай дахь тохижилт, хөрөнгийг хамгаалах болон цаашлаад, Улаанбаатар хотод байгаа гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг ан амьтдын аюулгүй байдал, үер, цас нийтийн замын цэвэрлэгээ гэх асуудалд AI систем болон камержуулалтыг нэвтрүүлж, иргэдийн хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буйг мэдээлэлд дурдсан байв.