Таван шард явган зорчигчийн гүүрэн гарц барина
Төмөр зам, авто замын хөдөлгөөнийг огтлолцуулахгүйгээр аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор авто замын нүхэн гарц барих төслийг хэрэгжүүлж байна. Таван шарын нүхэн гарцын хүрээнд инженерийн дэд бүтцийн ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж, цахилгаан, гэрэлтүүлгийн шугам сүлжээ, гадна холбооны шугамын ажил, ус хангамж, ариутгах татуургын ажлуудыг гүйцэтгэсэн. Түүнчлэн 16,000 м.кв талбайд ногоон байгууламжийн ажил хийж, борооны ус зайлуулах насос станц, ус зайлуулах шугамыг байршуулж дууссан бөгөөд тус байршилд явган зорчигчийн гүүрэн гарцын ажил үлдээд байгаа юм.
Тодруулбал, тус байршлын батлагдсан зураг төсөлд явган хүний гарцыг төмөр зам доогуур 18 метр урт нүхэн гарц байхаар төлөвлөсөн байсныг тухайн бүсийн иргэдийн аюулгүй зорчих нөхцөл байдлыг хангуулах үүднээс төмөр зам болон Найрамдлын авто зам дээгүүр гарах явган хүний гүүрэн гарц болгон өөрчилж, магадлалаар батлуулаад байна. Тус гүүрэн гарц нь 90 метр урт, гурван орц гарцтай, 98 ширхэг шонт суурьтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд барилга угсралтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Таван шарын нүхэн гарц ашиглалтад орсноор хоногт 42830 машин нэвтэрч байна.
