"Эрдэнэс Монгол"-ыг Б.Даваадалай удирдана

УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даваадалайг томилсон.

Үүнтэй холбогдуулан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Одхүү тамгыг гардуулснаар Б.Даваадалай үүрэгт ажилдаа албан ёсоор оржээ. Б.Даваадалай нь Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч мэргэжлээр суралцаж, АНУ-ын Колумбын их сургуульд магистрын зэрэг хамгаалсан.

Тэрбээр өмнө нь Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн багт эдийн засгийн бодлогын зөвлөх, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар эдийн засагч, Сангийн яаманд зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт эдийн засгийн бодлогын зөвлөх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ахлах зөвлөх, Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Даваадалай тус үеэр компанийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, цаашид баримтлах зарчим, бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцон үүрэг чиглэл өгчээ.