Хүний эрхийн зөрчил, дарамт шахалт гаргахгүй байхыг онцгой анхааруулжээ
"Польш Улс бол Европ дахь итгэлт түнш"
Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчицагийн урилгаар 2026 оны 04 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд тус улсад бүлгийн айлчлал хийж байна.
Энэ нь ноён С.Горчица тэргүүтэй гишүүдийн 2025 онд Монгол Улсад хийсэн бүлгийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол, Польш хоёр улсын хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Улсын Их Хурал дахь Монгол-Польшийн бүлэг Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй анхны бүлгийн айлчлал гэдгээр онцлогтой.
Айлчлалын хүрээнд бүлгийн дарга Ж.Золжаргал тэргүүтэй гишүүд 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал (парламентын дэд дарга) Дорота Нежелад бараалхаж, Монгол, Польш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 76 жилийн ойн өдрөөр буюу 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Польш-Монголын парламентын бүлгийн дарга С.Горчица тэргүүтэй тус бүлгийн гишүүдтэй бүлэг хоорондын албан ёсны уулзалт хийлээ.
Мөн Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш Улсын Сейм дэх Эдийн засаг, хөгжлийн байнгын хорооны дарга Рафал Камаревич, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Мирослав Малишевски, Эмэгтэйчүүдийн эрхийн парламентын бүлгийн дарга Ванда Новицка нартай тус утс уулзалт хийж, хууль тогтоох байгууллага хоорондын болон парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар санал солилцлоо.
Бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал (парламентын дэд дарга) Дорота Нежелад бараалхах үеэр Сеймийн дэд маршлын зүгээс Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчид Бүгд Найрамдах Польш Улсад айлчилж буйд талархал илэрхийлж, Монгол Улсыг парламентын дипломат бодлогыг хөхиүлэн хөгжүүлж байгааг сайшаав. Мөн тэрээр ардчиллын замнал нэгтэй Монгол Улсаас суралцах зүйл байгааг онцолж, ардчиллын төлөөх хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлэв. Түүнчлэн бүлгийн дарга Ж.Золжаргалын сонирхдог салбар болох техник, технологийн салбарын тухайд сүүлийн үед хүч түрэн гарч буй шинэ технологийг кибер аюулгүй байдалтай хэрхэн холбох талаар өөрийн байр сууриа илэрхийллээ.
Бүлгийн дарга Ж.Золжаргалын зүгээс 500 гаруй жилийн түүхтэй Сеймд зочилж байгаад баяртай байгааг илэрхийж, Бүгд Найрамдах Польш Улс бол Монгол Улсын Гуравдагч хөрш бөгөөд Европ дахь итгэлт түнш гэдгийг онцлов.
Түүнчлэн тэрээр Монгол Улс 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан боловсруулах ажлын хүрээнд Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн хуулийг жишиг болгон ашигласныг дурдаж, 2024 оны ээлжит сонгуулиар бүрэлдсэн Монгол Улсын Их Хурлын бүтэц, бүрэлдэхүүн, цахим парламент (D-Parliament) болон цахим шилжилт зэргийн талаар товч мэдээлэл өгөв. Мөн тэрээр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад хийсэн геологи, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг цаашид эдийн засагт өгөөжтэй хэлбэрт шилжүүлэх шаардлагатай байгааг онцолж, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4,700 шахам км-ээр хиллэдэг Монгол Улсаар дамжуулж, Хятадын томоохон зах зээлд гарах боломжийн талаар санал солилцлоо.
Бүлгийн дарга С.Горчица тэргүүтэй парламентын бүлгийн гишүүдтэй хийсэн уулзалтаар бүлгийн дарга Ж.Золжаргалын зүгээс халуун дотно хүлээн авч буйд талархал илэрхийлж, Монгол, Польш хоёр улсын хооронд сүүлийн жилүүдэд хэрэгжсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна гээд хоёр улсын хооронд хамтарсан томоохон төсөл хамтран хэрэгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухал гэдгийг цохон тэмдэглэв. Түүнчлэн хоёр улсын хооронд байгуулсан 1981 оны санамж бичгийг шинэчлэх шаардлагатайг дурдаж, цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, үүнд манай улсын урд хөршийн зах зээлийн боломжийг харж, хамтарсан бүтээн байгуулалт хийх саналтай байгааг илэрхийлэв.
Бүлгийн дарга С.Горчицагийн зүгээс Монгол, Польш хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 75 жилийн ойн хүрээнд 2025 оны намар Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын парламентын бүлэг Монгол Улсад 2018 оноос хойш буюу 7 жилийн дараа анх удаа айлчлал хэрэгжүүлсэндээ баяртай байгааг дурдаж, Польш, Монголын бүлэг нь ажил хэрэгч бөгөөд төлөвлөсөн зорилго, зорилтууд биеллээ сайн олдог гэдгээр онцлогтойг цохон тэмдэглэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид хэрхэн эдийн засагт өгөөжтэй байх талаар болон хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр хамтын ажиллагааг хөгжүүлэхээр бүлгийн дарга нар санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дарга Влоджимеж Чажастыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт урьсныг уламжилж, урилгыг бүлгийн дарга С.Горчицагаар дамжуулан гардуулан өглөө.
Бүгд Найрамдах Польш Улсын Сейм дэх Эдийн засаг, хөгжлийн байнгын хорооны дарга Рафал Камаревичтэй хийсэн уулзалтаар Монгол, Польш хоёр улсын харилцааг цаашид эдийн засагт өгөөжтэй хэлбэрээр хөгжүүлэх, Хятадын зах зээлд Монгол Улсаар дамжин гарах саналыг манай талаас тавьсан бол Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Мирослав Малишевскитэй хисэн уулзалтаар хөдөө аж ахуйн тононг, төхөөрөмжийн худалдан аваль, засвар үйлчилгээний нэгдсэн сиситемийг Монгол Улсад нутагшуулах, хүнсний болон эмийн ургамлын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Д.Ганмаа нар Бүгд Найрамдах Польш Улсын Эмэгтэйчүүдийн эрхийн парламентын бүлгийн дарга Ванда Новицка тэргүүтэй тус бүлгийн гишүүдтэй уулзалт хийж, тус бүрийн парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Айлчлал үргэлжилж байна