П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонголоо

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргатай зөвшилцсөний үндсэн дээр тус зөвлөлийн дарга Пүрэвжавын Ганзоригийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлсэн талаар Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр танилцуулж, түүний товч намтрыг уншиж сонсгов.

Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон том салбарыг хариуцдаг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшиж буй П.Ганзоригийг дэмжиж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат илэрхийлж, нийгмийн салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлс, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөлийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлууд өнөө хэр шийдлээ хүлээсээр байгааг сануулсан юм. Тэрбээр хүн амын болон нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар ямар байр суурь баримталж байгааг нь Байнгын хорооны даргад нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг болон Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлөөс асууж, хариулт авлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Б.Найдалаа нар үг хэлж, амжилт хүсэв.

Улсын Их Хурлын гишүүн П.Ганзоригийг Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгох тухай Улсын Их Хурал дахь ХҮН намын зөвлөлийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 94.1 хувь нь дэмжсэн учир Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр боллоо.

Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг дараа нь явууллаа. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг уг төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.