С.Бямбацогт: Зөвшөөрлийг хүнд суртлаас чөлөөлөх асуудалд олон жил анхаарал хандуулж ирсэн
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чадавхыг бэхжүүлнэ
С.Одонтуяа нарын 37 гишүүнээс энэ оны 5 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Хууль зүйн байнгын хорооны холбогдох санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав.
Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаанаас цэргийн ангиудад эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрхийг хангах, хамгаалах чиглэлээр сургалт, мэдээлэл, соён гэгээрүүлэх, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж тус салбарт хүний эрхийн зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын чадавхыг бэхжүүлэхээр хуулийн төслийг боловсруулжээ.
Байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа төслийн холбогдох хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд d.parliament.mn цахим сайтад төслийг байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байгаа юм байна. Тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 61.9 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэв.
Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Алтангэрэл, Г.Очирбат, М.Нарантуяа-Нара, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, хариулт, мэдээлэл авав. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, Х.Баасанжаргал, Ч.Ундрам нар байр сууриа илэрхийллээ. Хуулийн хэрэгжилтийг хянан шалгах талаар, зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүний эрхийн талаарх мэдлэг олгох сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээтэй, үр дүнтэй зохион байгуулах, салбарын хэмжээнд удаа дараа гарч буй хүний эрхийн ноцтой зөрчлийн мөрөөр хариуцлага тооцож байх, холбогдох байгууллагуудаас энэ чиглэлээр хүргүүлсэн зөвлөмж, чиглэлийг хэрэгжүүлдэг байх, Хүний эрхийн Үндэсний Комиссын төсөв, санхүүжилтийг зохих хэмжээнд нэмэгдүүлж, бэхжүүлэх талаар саналуудыг гишүүд хэлж, төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх санал хураалтыг хойшлууллаа.