Г.Азжаргал: 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан
В.Оюумаа: 2024, 2025 оны аудитын дүгнэлт болон холбогдох бусад баримт бичигт тулгуурласан
“Нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн хэрэгжүүлж байгаа төслүүдийн цар хүрээ, зарцуулалт, ирээдүйн хөрөнгө оруулалтын нэгдсэн дүн”-гийн талаар Нийслэлийн өмчийн газрын дарга В.Оюумаа танилцуулсан.
Төсвийн төсөл, хөтөлбөрийг батлахтай холбоотой асуудалд төлөвлөлт, хэрэгжилтийн явц дахь нөхцөл байдалтай холбогдуулан дүн шинжилгээ хийсэн бөгөөд үүнийг 2024, 2025 оны аудитын дүгнэлт болон холбогдох бусад баримт бичгүүд дээр тулгуурласан гэдгийг тэрбээр тодотголоо. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа нийт 16 төсөл, арга хэмжээ байгааг дурдаад төсөл бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Энэ талаарх мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.
Мөн өдрийн сонсгол “Нийслэлийн өмчит, өмчийн оролцоотой болон хамаарал бүхий хуулийн этгээдүүд, тэдгээрийн хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хийсэн дүгнэлт”-ийг шинжээч Ч.Мөнхбаатар, Б.Энхчимэг нар танилцуулсан.
Шинжээчдийн хийсэн дүгнэлт, зөвлөмжийг доорх зурагнаас харна уу.
Дараа нь “Нийслэлээс хэрэгжүүлж буй мега төслүүдийн шийдвэр гаргалт, хэрэгжилтийн явц, эрсдэлийн дүгнэлт”-ийн талаар шинжээч С.Оюун-Эрдэнэ, Б.Энхбаяр нар танилцуулсан. Уг илтгэлд нийслэлээс хэрэгжүүлж буй 16 мега төсөл нь "Алсын хараа 2050","Шинэ сэргэлтийн бодлого" зэрэг Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогуудтай шууд утгаараа бүрэн уялдсан байна. Гэвч ихэнх төслүүд нь техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, зураг төсөл гаргах зэрэг бэлтгэл ажлын шатандаа байна. Мөн нийт 28.9 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий төслүүдийн санхүүжилтийн гүйцэтгэл ердөө 5 хувь буюу 1.4 их наяд төгрөгт байна. Улмаар нийт төсөвт өртгийн 66.0 хувь буюу 19.1 их наяд төгрөгийг гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхээр төлөвлөсөн ч энэ нь одоогоор бүрэн баталгаажаагүй байгаа нь төслүүд зогсох, хугацаа сунжрах үндсэн эрсдэл болж байна гэж шинжээчид дүгнэлтдээ дурдсан байлаа.
Мөн санхүүжилтийн шийдвэрлэлт удааширснаас болж бэлтгэл шатанд зарцуулсан 129.4 тэрбум төгрөгийн зардал үр ашиггүй болох, улмаар төслийн төсөвт өртөг инфляц болон бусад хүчин зүйлээс шалтгаалан нэмэгдэх бодит аюул нүүрлээд байна. Мега төслүүдийг хэрэгжүүлэх шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлагын систем бүрэн төлөвшөөгүй, дотоод хяналтын тогтолцоо жигдрээгүй байгаа нь төслүүдийг олон улсын стандартын дагуу үр дүнтэй удирдахад саад болж байна гэж дүгнэсэн байлаа.