Н.Учрал: Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжил
С.Магнайсүрэн: Шаардлагатай мэдээллээр ханган хамтран ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Tуулын хурдны замын төсөлд хийсэн аудит”-ын талаар танилцуулав. Тэрбээр аудитыг батлагдсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эхлүүлэн 2026 оны 06 дугаар сарын 30-ны дотор Төсвийн байнгын хороо, холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байгааг дурдсан. Мөн аудитыг хэрэгжүүлэх явцад төслийн талаар тэр дундаа техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, худалдан авах ажиллагаа, гэрээ хэлцэл, төсөвт өртөг, санхүүжилт, байгаль орчин, урьдчилгаа төлбөрийн баталгаа, ил тод байдалтай холбоотой иргэд, олон нийт, мэргэжлийн төрийн бус байгууллагаас дэвшүүлсэн асуудлыг анхаарч ажиллаж байгаа бөгөөд Үндэсний аудитын газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг болон энэхүү ерөнхий сонсголын ажлын хэсэгт аудитын байгууллагын төлөөллийг оролцуулж, шаардлагатай мэдээллээр ханган хамтран ажиллаж байгааг онцлов.
Ингээд аудитын явцад гүйцэтгэсэн дүн мэдээллээс урьдчилсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулав.
Аудитад хамрагдаж буй асуудлуудаар төслийг хэрэгжүүлэгч, захиалагчийн зүгээс ил тод, үнэн зөв мэдээлэл хангалттай өгөх, иргэдийн мэдээлэл авах, мэдэх эрхийг хангаагүйн улмаас иргэд, олон нийтийн дунд ойлголтын зөрүү үүсэж буйг анхаарч төр, иргэдийн хүсэн хүлээж буй асуудалд голлон төвлөрч хуулиар зохицуулсан хараат бус, бие даасан чиг үүргийг хэрэгжүүлэн аудитын дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар аудитын урьдчилсан дүн, дүгнэлтэд үндэслэн Улсын Их Хуралд толилуулах хоёр, үйл ажиллагаа асуудалд чиглэсэн долоо, бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд чиглэсэн тав, нийт 12 зөвлөмж, илэрсэн зөрчил, хариуцлагын асуудлаар дөрвөн албан шаардлага, хууль хяналтын байгууллагыг мэдээллээр хангаж, хамтран ажиллах дөрвөн асуудлыг төлөвлөөд байгаа бөгөөд аудитын тайлангийн төслийг шалгагдагч болон хамрагдагч байгууллагуудад хүргүүлж, ирүүлсэн тайлбартай танилцаж аудитын дүн, дүгнэлтийг эцэслэн баталгаажуулах ажлыг хийж байна гэлээ. Түүнчлэн аудитын цахим сайтаар дамжуулан иргэд, олон нийтийг тайлантай танилцах боломжоор хангахаар төлөвлөж байна гэв.
Дараа нь Зам, тээврийн яамны Авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа “Зам, тээврийн яамны бодлого ба Нийслэлийн зам тээврийн мега төслүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо (Туулын хурдны зам, Метро, Дүүжин тээвэр, Тойрог 1, 2-р зам, Трам, Тусгай замын автобус зэрэг) сэдвээр мэдээлэл хийлээ.
Тус яам холбогдох салбарын болон яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэн зөвлөмж гарган ажиллаж байгааг дурдав. Тухайлбал, Туулын хурдны замын төсөлд Авто замын салбарын шинжлэх ухаан технологийн дэд зөвлөлөөс зөвлөмж гаргаж, хүргүүлсэн гээд дээрх зөвлөмжүүдийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн замын хөгжлийн газраас тодруулахад нарийвчилсан зураг төсөлд тусгаж байна гэсэн хариуг ирүүлсэн гэв.