Н.Учрал: Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжил
Л.Гантөмөр: Казино тоглож байгаа төрийн албан хаагчдын талаарх мэдээлэл бий юу
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр гадаад улсад казино тоглож байгаа төрийн албан хаагчдын талаарх мэдээлэл бий эсэх, цахимаар мөрийтэй тоглоод байгаа, орон нутагт ажиллахаар очсон төрийн албан хаагчдыг угтах, үдэх нэрээр архидан согтуурч буй үзэгдлийг зогсоох талаар ямар ажил зохион байгуулах вэ гэдгийг Байнгын хорооны хуралдааны үеэр асуув.
Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. Үүнтэй холбоотой гомдол болон баримт мэдээллүүдийг бүгдийг нь хянан шийдвэрлэж, хариуцлага тооцож байгаа. 2025 онд ийм төрлийн 21 зөрчил бүртгэгдэж хариуцлага тооцсон. Мөрийтэй тоглоом, казино тоглосон мэдээлэл Ёс зүйн хороонд ирээгүй. Цаашдаа төрийн албан хаагч хориглосон үйл ажиллагаанд оролцсон эсэх талаарх хяналтын механизмыг нэгдсэн зарчмаар хэрэгжүүлэх зорилготой ажиллаж байна гэлээ.
Байнгын хорооны дарга Б.Жавхлан, Төрийн албан хаагчийг соён гэгээрүүлж, үр дүнг нь өргөдлийн тоо буурснаар хэмжихээс илүүтэй төрийн албаны нэр хүнд, иргэдийн төрд итгэх итгэл, сэтгэл ханамж нэмэгдсэн үү гэдгийг харах нь зүйтэй хэмээгээд, үүнийг хэрхэн хэмжих талаар тодорхой болгох ёстойг дурдав. Тэдэн хүнийг сургалтад хамруулсан нь хангалттай гүйцэтгэл биш гэдгийг тодотгоод, төрийн албан хаагчийн хандлага, бүтээмж, гүйцэтгэл мэдэгдэхүйц, хэмжигдэхүйц нэмэгдсэн, ахисан үр дүн гарсан байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ