505.6 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир НДҮЗ-ийн 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцуулав.

Тус зөвлөл 2025 онд нийгмийн даатгалын шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл, хууль тогтоомжийг шинэчлэх, хэрэгжилтийг хангах чиглэлээр зохих арга хэмжээг авч ажилласан байна. Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн олон давхар тогтолцоог нэвтрүүлэх, даатгуулагчдыг олон эх үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн бус өмчид тулгуурласан сайн дурын хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, хувийн нэмэлт тэтгэврийн санг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих харилцааг зохицуулах “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Нийгмийн даатгалын санд 2025 онд 5.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 720 гаруй мянган иргэнд 5.8 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, зардлыг олгожээ. Жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын мэдээллийн санд 63.8 мянган ажил олгогч, 1.2 сая албан журмын даатгуулагч, 170 мянган сайн дурын даатгуулагч бүртгэлтэй байна.

2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 505.6 мянган тэтгэвэр авагчийн тэтгэврийг 6.0 хувиар нэмэгдүүлсний үр дүнд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 572 мянган төгрөг болж, дундаж тэтгэвэр 870.9 мянган төгрөгт хүрчээ. Энэхүү нэмэгдэлд 310.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Мөн 0-3 насны хүүхдээ асарч буй 16.9 мянган эх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй 3.9 мянган эцэг, эх, түүнчлэн 55.2 мянган малчны тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсөв болон тэтгэмжийн даатгалын сангаас хариуцан төлж, нийгмийн даатгалд хамруулсан байна. Өндөр насны тэтгэвэр авч байгаа 3.6 мянган иргэн нийгмийн даатгалын тусгай зохицуулалтад хамрагдаж, тэтгэврээ 20 хувиар нэмэгдүүлсэн бол нас барсан даатгуулагчийн ар гэрт олгох болон донор болж эд, эс, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3.0 сая төгрөгөөс 4.5 сая төгрөг болгон нэмэгдүүлжээ.

Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 700 тэрбум төгрөгийг мөнгөн хадгаламжийн хэлбэрээр системийн нөлөө бүхий дөрвөн арилжааны банкинд жилийн 15 хувийн хүүтэй байршуулж, 70.2 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олсон байна. Мөн Засгийн газрын үнэт цааснаас 27.0 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ.

Цаашид хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог хөгжүүлэх, тэтгэврийн хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих, даатгуулагчийг хуримтлалтай болгох, хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцны ипотекийн санхүүжилтэд ашиглах боломжийг бүрдүүлэх, тэтгэврийг жил бүр инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох аргачлалыг боловсронгуй болгох, даатгуулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн даатгалын байгууллага болон сангийн санхүүгийн системийг бүрэн цахимжуулах зорилтыг дэвшүүлж буйг сайд Т.Аубакир танилцуулгадаа дурдав.

НДҮЗ-ийн 2025 оны тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, С.Зулпхар нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, хүн амын зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн халамж, тэтгэмжийн аргачлал, зохицуулалтыг уян хатан болгож, хүртээмжийг дээшлүүлэх, үр дүнг тайлагнахдаа ахиц, өсөлтийг тодорхой дурдах, урьд өмнө гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг зөвлөв.

Байнгын хороооны хуралдаанаар хэлэлцэхээр товлосон байсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж амжаагүй тул хойшлууллаа.