Х.Нямбаатар: Дөрвөн өдөр биечлэн, нэг өдөр цахимаар ажиллана
О.Цогтгэрэл: Ерөнхийлөгчийн хуулийг дэмжвэл парламентын тогтолцооноос ухарна
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцжээ.
Энэ талаар Бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ "Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авч, байр сууриа нэгтгэлээ.
АН-ын дотоод сонгууль болж байсан учраас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль дээр байр сууриа нэгтгэх боломж хомс байлаа. Өнөөдрийн Бүлгийн хуралд 25 гишүүн оролцож, төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг шийдвэр гаргалаа. Өөр байр суурьтай гишүүд өөрийн итгэл үнэмшлээр оролцож болно.
УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага иргэдтэй адил үйлчлэх ёстой. Одоогийн хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалт бий. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд шүүхийн шийдвэр гарч УИХ-д хүргэгдсэнээр, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг УИХ-д танилцуулснаар эгүүлэн татагдсанаар тооцно гэж заасан. УИХ-ыг дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулж байна. Парламентын тогтолцооноос ухарсан хэрэг болно.
Санал хураалт энэ пүрэв гарагт болно. Түүнээс өмнө АН-ын Улс төрийн зөвлөлийг хуралдуулах шаардлага үүслээ гэж харж байна. Энэ асуудалд улс төрийн нам улс төрийн байр сууриа нэгтгэх ёстой гэж үзэж байна" гэлээ.