У.Хүрэлсүх: Морьгүйгээр Монголын түүхийг ярина гэж байхгүй

Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төслийнхөө талаар байр сууриа илэрхийлсэн юм. 

Тэрбээр "Монгол морь хэзээ ч эзнээсээ урваж байгаагүй. Харин улсын эзэн эх орон, ард түмнээсээ урваж байсан түүхтэй. Үүнийг бид бүхэн мэднэ. Морьгүйгээр Монголын түүхийг ярина гэж байхгүй. 

Монгол Төр хүчирхэг байх ёстой. Сахилга бат, хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой. Төрийн хүчин чадал УИХ-аасаа эхлэх ёстой. УИХ нь хариуцлагатай, ёс зүйтэй, эрхэм хүндэт гишүүдтэй байх ёстой. 

Хулгайч, дээрэмчид, ажилдаа ирдэггүй хүмүүс суудаг, үүрээ засч өндөглөдөг газар нь парламент байх ёсгүй. Хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг баталтал нь өргөн барина. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Би парламентын засаглалыг ямагт дэмждэг хүн. Цаашдаа ч дэмжинэ. Харин салан задгай, хариуцлагагүй, хулгайч дээрэмчдээр Монголын парламент дүүрч, Төрийг уланд гишгэж эхэлбэл ард түмэн зүгээр суухгүй. Үүнийг ардчилсан нийгэм гэж хэлнэ. Ёс зүйгүй байдал эв нэгдлийг устгадаг. Ёс зүйгүй Төр бол Төр биш" гэсэн юм.