Б.Энхбаяр: Засаг дарга нарт хэд хэдэн арга арга хэмжээ авахыг даалгасан
Б.Батцэцэг: Австри Улс руу 90 хоног визгүй зорчих болж байгаа
Гадаад харилцааны яамны 2025 оны үйл ажиллагааны талаарх Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. Тус яам 2024 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад байнгын хорооны гишүүдийг хүлээж авч уулзан, Монгол Улсын гадаад бодлого, үйл ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон талаар Г.Батцэцэг сайд дурдсан. Үргэлжлүүлэн тэрбээр 2025 оны айлчлал, арга хэмжээнүүдийн талаар товчхон мэдээлэл хийсэн юм. 2025 онд Турк, Итали улстай стратегийн түншлэл, Чех, Польш, Узбекстан, Киргиз улстай иж бүрэн түншлэлийн харилцааг тогтоосныг төрийн тэргүүний түвшинд хэрэгжүүлсэн төрийн айлчлалуудын үеэр албажуулж, олон нийтэд зарласан байна. Мөн Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг батлуулсан юм. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын 192 гишүүн улстай, 3 ажиглагч улстай дипломат харилцаа тогтоож, НҮБ-ын бүх гишүүн улсуудтай дипломат, найрсаг харилцаа тогтоосон цөөхөн улсын нэг болсон хэмээн онцлов. Энэ нь манай гадаад бодлогын үзэл баримтлалын нэг чухал зорилго байсныг сайд тэмдэглэж байв.
Тайлант онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшний 17, Улсын Их Хурлын даргын түвшний 5, Ерөнхий сайдын түвшинд 3, Гадаад харилцааны сайдын түвшний 18 айлчлал, арга хэмжээг хэрэгжүүлж, Засгийн газар хоорондын комиссын 9 хуралдааныг зохион байгуулж, Гадаад харилцааны яам хоорондын 19 зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ. Мөн Засгийн газар хоорондын 26 баримт бичиг байгуулах ажлыг зохион байгуулсан аж. Байгууллага хоорондын 157 гэрээний төслийг хянаж, санал өгч, гэрээ байгуулах зөвшөөрлийг олгосон байна. Дээрх өндөр дээд түвшний айлчлал, арга хэмжээг 2024 онтой харьцуулахад Монгол Улсын гадаад харилцаа болон Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд идэвхжин, өргөжиж байгааг илэрхийлнэ гэлээ.
Сайд Байнгын хорооны хуралдаанд БНХАУ болон ОХУ-тай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд өндөр дээд түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, бүх салбарын хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж тодорхой үр дүнд хүрсэн гэж үзэж байгаагаа тодотгоод, холбогдох мэдээллийг дэлгэрэнгүй танилцууллаа.
Америк, Ойрх Дорнод, Номхон далайн орнуудтай хөгжүүлж байгаа харилцааны тухайд мөн холбогдох тайлан, мэдээллийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсан юм. АНУ-д Стратегийн гуравдагч түвшний хөршийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбарт гүнзгийрүүлэх хүрээнд тогтоосон харилцаа, уулзалтын талаар нэгбүрчлэн дурдав. Өнгөрсөн хугацаанд хийсэн уулзалт, айлчлалуудын үр дүнд нийслэлийн орон сууцад амьдарч байгаа 100 мянган өрхийн жилийн хэрэглээний 50 хувьтай тэнцэх хэмжээний гүний цэвэр усыг хэмнэх Улаанбаатар хотын хаягдал ус боловсруулах үйлдвэр ашиглалтад орсон байна. Мөн Монголын англи хэлний багш, сурган хүмүүжүүлэгчдийг чадавхжуулах англи хэлний мэргэжлийн төвийг МУИС дээр байгуулсан гэлээ. Өнөөдрийн байдлаар 250 орчим багш нар тус сургалтад хамрагдаад байгааг дурдав. АНУ-ын “Юнайтед Эйрлайнс” компани Токио-Улаанбаатар чиглэлд анх удаа улирлын нислэг үйлдэж эхэлсэн гэдгийг онцолж байлаа.
Ойрх Дорнодын орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг бэхжүүлэх, хөрөнгө оруулалт татах зорилгын хүрээнд идэвхтэй ажиллажээ. Оманы Султант Улс, Саудын Арабын Хаант Улс, Бахрейны Хаант Улсад халал махны гэрчилгээг албан ёсоор бүртгүүлж, Кувейт Улсад амьд мал экспортлох эрүүл мэндийн гэрчилгээг тохирч, 2025 онд манай улсаас Катар Улс руу 64 тонн, Кувейт Улс руу 11 тонн мах тус тус экспортолж, Кувейт Улсын мах импортлогчдын “Юнайтед Мидс” компани нь Монгол Улсад 3 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Сэргээгдэх эрчим хүчний дэлхийн томоохон компани болох Саудын Арабын Хант Улсын “Аcwa power” компанийн удирдлага Монгол Улсад айлчилж, манай улсад 10 ГВт-ын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц барих төсөл хэрэгжүүлэхээр эцэслэн тохирчээ. Улаанбаатар, Шинэ Хархорин хотын чиглэлийн 291 км газарт автозам барих төслийн хүрээнд Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамын 101 км хэсэгт тус тус Кувейт Улсын болон булангийн бусад орны хөгжлийн сангуудаас санхүүжилт авах ажил үргэлжилж байгаа гэлээ.
Олон улсын харилцааны Номхон далайн бүс нутгийн стратегийн ач холбогдол нэмэгдэж байгаа талаар Б.Батцэцэг сайд онцлоод “Тус бүс нутгийн тэргүүлэгч орнууд болох Австрали, Шинэ Зеланд зэрэг улстай харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатад гаргахыг зорьж ажиллалаа. Австралийн Холбооны Улсын Амбан захирагч /төрийн тэргүүн/ Саманта Мостин есдүгээр сард Монгол Улс төрийн айлчлал хийсэн. Түүнчлэн Австралийн Холбооны Улсын Засгийн газрын тэтгэлгийн квотыг нэмэгдүүлж, талууд агаарын харилцааны хэлэлцээрийг эцэслэж, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах ажлыг эхлүүлсэн” гэлээ. Шинэ Зеланд Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд тус улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд, наймдугаар сард Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли манай улсад тус тус айлчилж, энэ үеэр итгэлцлийг гүнзгийрүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг нэлээд ахиулах ажлуудыг гүйцэтгэжээ.
Ази, Европын орнуудтай хөгжүүлэх харилцааны хүрээнд 2025 онд Гадаад харилцааны яамнаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Б.Батцэцэг сайд дэлгэрэнгүй танилцууллаа. Хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны үр дүн эхнээсээ гараад эхэлснийг сайд тэмдэглээд “Тухайлбал Австри Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар визийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, 2026 оноос манай улсын цахим албан паспорттой эзэмшигчид Австри Улс руу 90 хоног визгүй зорчих болж байгаа” хэмээсэн.
НҮБ болон олон улсын бусад байгууллагын хамтын ажиллагаанд идэвхтэй байр сууриа илэрхийлж, олон улсын тулгамдсан асуудлуудаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, Монгол Улсын санаачилга, зорилтыг олон талт тавцанд уялдуулан хэрэгжүүлэхийг зорилтоо болгон ажилласнаа дурдаад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган, тус байгууллагын 80 жилийн ойн өндөр түвшний хуралдаанд төрийн тэргүүн оролцсон болохыг тэмдэглэв. Жил бүрийн долдугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тунхагласан НҮБ-ын шийдвэрийн хэрэгжилт 2025 оноос албан ёсоор эхэлж, адууны соёл, нүүдлийн өв уламжлалыг дэлхийн түвшинд сурталчлах манай улсын бодлогын бодит илэрхийлэл болсныг цохов.