“Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
С.Цэнгүүн: Төрийн оролцоо хуульд заасан хүрээгээр хязгаарлагдана
Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр үргэлжиллээ.
Хууль санаачлагч илтгэхдээ, 1991 онд батлагдсан “БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль”-ийг хүчингүй болсонд тооцож, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, Иргэний хууль, Компанийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхийг зорьсон. 1991 онд батлагдсан хууль нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжиж байсан түр шилжилтийн үед эдийн засгийн хямралыг даван туулах, стратегийн үйлдвэр, байгууллагын үйл ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлэх зорилгоор гарсан онцгой арга хэмжээний шинжтэй зохицуулалт байсан. Гэвч энэ хууль өнөөдрийг хүртэл хүчингүй болгоогүй хэвээр байгаа нь эрх зүйн орчны зөрчил, давхардлыг бий болгож, төрийн байгууллагын оролцоог албадлагын замаар хэт төвлөрүүлэх, компанийн засаглалын хараат бус байдалд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн юм.
Түүнчлэн уг хуулийг үндэслэн 2019 оноос хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК зэрэг хэд хэдэн томоохон компанид онцгой дэглэм тогтоож, Засгийн газраас бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Энэ нь эдгээр компанийн удирдлагын бүтэц, Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа, гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах эрхэд шууд хяналт тогтоох замаар компанийн бие даасан байдлыг хязгаарлаж, улс төрийн оролцоо, ашиг сонирхлын зөрчлийг нэмэгдүүлэх эрсдэл дагуулсан. Энэхүү хуулийн хэрэглээ нь өнөөгийн эдийн засгийн бодит нөхцөлд нийцэхгүй болсон гэж үзэж байгаа хэмээн С.Цэнгүүн гишүүн хууль санаачлагчийн илтгэлдээ дурдлаа. Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар хууль зүйн орчны давхардал, зөрчил арилж, төрийн оролцоо хуульд заасан хүрээгээр хязгаарлагдана. Улмаар төрийн өмчит компанийн засаглал ил тод, хариуцлагатай болж, улс төрийн нөлөө, авлига, ашиг сонирхлын эрсдэл буурч, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд зах зээлийн зарчмаар бие даан үйл ажиллагаа явуулах, ашгийн төлөө үр ашигтай менежмент хэрэгжүүлэх чадамж нэмэгдэн компанийн гүйцэтгэл, үр ашиг илүү тогтвортой хэмжээнд хүрэх боломжтой хэмээн танилцууллаа.
Хэлэлцүүлж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц, Б.Уянга, Б.Жаргалан, Г.Уянгахишиг нар асууж, тодруулсан. Гишүүдийн асуултад хууль санаачлагч биечлэн хариулт өгч байв. Тэрбээр хариулахдаа, хувийн өмчид халдаж болзошгүй зөрчилтэй нөхцөл үүссэн хэмээв.
Ийн хэлэлцээд, хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ. Харин хамт өргөн мэдүүлсэн Онц байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдалыг томилов.