“Туулын хурдны зам” төслийг зогсоож байгааг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ
Б.Батдаваа: Үндэсний хэмжээнд өгөгдлийн засаглал, экосистемийг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлнэ
Үндэсний статистикийн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайланг тус хорооны дарга Б.Батдаваа танилцуулав. Тэрбээр, өнгөрсөн онд 6 бүлгийн 859 статистик үзүүлэлтийг 7-15 хоног, сар, улирал, жилээр бэлтгэн тархааж, 2 тооллого, 9 түүвэр судалгааг зохион байгуулж, үр дүнг нэгтгэн боловсруулсан. Албан ёсны статистикийг хөгжүүлэх 3 дахь хөтөлбөр буюу "Статистикийн салбарын 2021-2025 оны стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, Үндэсний Статистикийн Хороо 2025 онд гар утасны өгөгдөл, их өгөгдөл, машин сургалт, хиймэл оюуныг ашиглах, мэдээллийн аюулгүй байдалд анхаарч, дата лаб байгуулах мэдээллийн чанарыг сайжруулж, дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоонд хэлхээ индексийн арга нэвтрүүлэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн гэв.
Төрийн суурь болон төрөлжсөн мэдээллийн сангуудыг ашиглан тооллого судалгаа явуулах системийг бий болгож, Монгол Улсад өгөгдлийн засаглалын суурь тогтолцоог бэхжүүлэх ажлыг төрийн бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, "Төрийн мета өгөгдлийн нэгдсэн сан", "Төрийн нэгдсэн өгөгдлийн сан” цахим талбаруудыг шинээр үүсгэж, “Үндэсний өгөгдлийн замын зураглал" боловсруулжээ. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нэгдсэн мэдээллийн сан буюу "Хүн ам, орон сууцны тооллого", "Аж ахуйн нэгжийн тооллого"-ыг жил бүр зохион байгуулах систем хөгжүүлсэн талаар танилцуулав. Тооллого, судалгаа, захиргааны мэдээллийн задгай өгөгдөлд ажиллаж, дүн шинжилгээ хийх "Дата лаб"-ыг шинээр байгуулсан нь мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангасан тусгай орчинд судалгаа шинжилгээ хийх боломжийг судлаачдад олгожээ.
“Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хэлхээ индекс ашиглан зэрэгцүүлэх үнээр тооцох аргачлал”-ыг баталж, бүх салбарын үйлдвэрлэгчийн үнийн суурь оны тооцоог шинэчилсэн. Ажиллах хүчний судалгаа болон Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд өндөр давтамжтай чанарын хяналт хийх программ нэвтрүүлсэн. "Дотоодын жуулчдын түүвэр судалгаа"-г улсын хэмжээнд анх удаа олон улсын нийтлэг арга зүйд тулгуурлан зохион байгууллаа. Олон улсын хамтын ажиллагаанд ахиц гаргаж, Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын Статистикийн институт болон Олон улсын өртгийн зэрэгцүүлэлтийн хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
"Орen Data Watch" байгууллагын дэлхийн 193 орны статистикийн байгууллагын мэдээллийн нээлттэй, хүртээмжтэй байдлын үнэлгээгээр Монгол Улсын статистикийн систем дэлхийд 11 дүгээрт, Зүүн Азийн бүс нутагт 2 дугаарт эрэмбэлэгдэж, Дэлхийн Банкны статистикийн гүйцэтгэлийн үнэлгээгээр дэлхийд 47 дугаар байрт орж, 5 байраар урагшиллаа. Цаашид статистикийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хиймэл оюун, их өгөгдлийн ашиглалтыг нэмэгдүүлэх, мэдээллийн чанар, аргачлалыг шинэчлэхэд анхаарч, үндэсний хэмжээнд өгөгдлийн засаглал, экосистемийг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлнэ хэмээн илтгэв.