Ц.Идэрбат: Шүлхийн улмаас устгасан малын нөхөн төлбөрийг хууль, журмын дагуу яаралтай шийдвэрлэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Ховд аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, САТ1 хэвшлийн шүлхий өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцаж, Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас тавьж буй саналуудыг сонссоны дараа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал, халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сахиулах үйл ажиллагааны нэн тэргүүнд шаардлагатай зардалд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцаас 50 сая төгрөг олгохоор болов. Шүлхийн улмаас устгасан малын нөхөн төлбөрийг хууль, журмын дагуу яаралтай шийдвэрлэхэд анхаарахаа мэдэгдсэн юм.

САТ1 хэвшлийн вирус сүүлийн жилүүдэд Европ, Ойрх Дорнод, Азийн зарим оронд тархаж байгаа аж. Дэлхийн хэмжээнд тухайн хэвшилд тохирсон вакцины эрэлт нэмэгдсэн байна. Үүний улмаас вакцины олдоц хомсдох, үйлдвэрлэлийн ачаалал нэмэгдэх, үнэ өсөх нөхцөл үүсээд буй. Гэсэн ч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ шуурхай ажиллаж, ОХУ-ын үйлдвэрлэгчтэй хэлэлцээр байгуулан, SAT-1 хэвшлийн эсрэг 1 сая тун вакцин худалдан авахаар тохиролцсон. ОХУ-тай гэрээ байгуулж байгаа аж.

Мөн ХХААХҮЯ өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан, БНХАУ-ын Ланьжоу хотын вакцины үйлдвэртэй цахим уулзалт хийж, ирэх долоо хоногт эхний вакциныг татан авахаар боллоо. Энэ сарын 17-ны лхагва гарагт вакцины эхний 1 сая тунг Монгол Улсын хилээр оруулж ирнэ.