"Тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд 4.0 хувийн нэмэгдлийг тооцно"

Засгийн газраас яаралтай хэлэлцүүлэхээр өнгөрөгч долоо хоногт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг дараа нь явуулав. Хууль санаачлагчийн илтгэлийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир танилцууллаа.

Хуулийн төсөлд ажил олгогчдын шимтгэлийн дарамтыг бууруулах, гарааны бизнес эрхлэгчдийн ажил олгогчийн төлөх шимтгэлийг тодорхой хугацаанд чөлөөлөх, даатгуулагчдын ажиллах сонирхлыг дэмжиж тэтгэвэрт гарах насаа хойшлуулсан жил тутамд 4.0 хувийн нэмэгдлийг тооцох, олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр тогтоолгох шударга тогтолцоо бий болгох замаар нийгмийн даатгалын сангийн зарлагыг бууруулах, сайн дурын хуримтлалд суурилсан, хөрөнгө оруулалтын өгөөжөөр өсөх тэтгэврийн хуримтлал үүсгэх нөхцөл бүрдүүлэх, урамшуулах, хэд хэдэн гэрээгээр давхар ажил эрхэлж буй иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлийн уян хатан нөхцөл олгох, ажил хөдөлмөр эрхэлж байгаа оюутнуудыг зарим төрлийн шимтгэлээс чөлөөлж, ажлын байранд гараад нөхөн төлөх боломж олгох зэрэг зохицуулалт тусгасан байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, О.Саранчулуун, Ц.Мөнхтуяа, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар баталгаат тэтгэвэр, ядууралд өртөхөөс хамгаалах, төрөөс шимтгэл даах бодлогууд, олон давхаргат тогтолцоо, оюутны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, тэдний ажилласан жилийн тооцоолол, тэтгэвэр тогтоолгох нөхцөл, малчны тэтгэвэр, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын сангийн санхүүжилтийн тогтолцоо, алдагдлын менежмент, нэрийн данс, тэтгэвэр тооцох аргачлал, зөрүүг арилгах эсэх, төрийн тусгай албан хаагчид хар залуугаараа тэтгэвэрт гардаг явдлыг хэрхэн залруулах зэрэг олон асуудлыг хөндөж асуулт асуусан юм. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Улсын Их Хурлын гишүүдийн асуултад өгсөн хариултдаа хийсвэр буюу хоосон бичилттэй нэрийн дансны тогтолцоог халж, баталгаат тэтгэврийн тогтолцоог оруулж ирж байгааг тодорхой танилцуулав.

Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Наранбаяр, А.Ариунзаяа, О.Саранчулуун, О.Батнайрамдал, Ц.Мөнхтуяа, С.Зулпхар, П.Сайнзориг, Х.Булгантуяа нар үг хэлж, Засгийн газраас улс төрийн зоригтой шийдэл гаргаж, бодлогын, даацтай реформ төлөвлөж оруулж ирсэнд талархал илэрхийлээд, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж байгааг сайшаасан юм. Үндэсний баялгийн санг тэтгэврийн хуримтлалын бодлоготой уялдуулах, шимтгэлийн 2.0 хувийг тэтгэврийн мөнгөн хуримтлалд мөнгөжүүлж хуримлуулах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээ уян хатан зохицуулах, тэтгэврийн насыг зөв тогтоох, ахмад настнууд, нийгмийн даатгалд даатгуулагчдын санал, шаардлагыг харгалзах нь зүйтэй гэдгийг анхаарууллаа.

Хуулийн төслүүдийг үзэл баримтлалыг хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.