Ц.Эрдэнэбаяр: Түлшний нөөц бүрэн хангагдсан

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэглэж буй түлшний чанар, хагас коксон түлшинд шилжих зөвлөмжийн хэрэгжилт, бодит үр дүнг хэлэлцсэн байна. Энэ үеэр "Тавантолгой түлш" компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр дараах мэдээллийг өгсөн юм.

Тэрбээр "2025–2026 оны галлагааны улиралд эрдэмтдийн зөвлөмжийн дагуу “Тавантолгой түлш” компани хагас коксыг үндсэн түлш болгон хэрэгжүүлж байна. Энэхүү шийдвэрийн хүрээнд түлшнээс үүдэх ялгарлыг ойролцоогоор 50 хувиар бууруулах, нийслэлийн агаарын чанарт 27–28 хувийн эерэг нөлөө үзүүлэх тооцоолол гарсан.

Энэхүү 27–28 хувийн үзүүлэлт нь нийслэлийн агаарын бохирдол олон хүчин зүйлээс хамаардаг гэдгийг харгалзан тооцоолсон дүн. Тэдгээрийн нэг эх үүсвэр нь гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа шахмал түлш. Агаарын чанарт сөргөөр нөлөөлж буй одоогийн түлшийг хагас коксоор солиход ийм хэмжээгээр сайжирна. 2025 оны арванхоёрдугаар сарын 1–21-ний хооронд хийсэн урьдчилсан тооцоогоор 23–24 хувийн эерэг үр дүн аль хэдийн гарсан байна. Эрдэмтдийн зөвлөл дүгнэлтээ гаргаж, мэргэжлийн байгууллага, лаборатори, судлаачид судалгааны үр дүнгээ танилцуулж байна.

Нийлүүлэлтийн хувьд өнгөрсөн намар төлөвлөлтийн доголдлоос шалтгаалсан асуудал гарч байсан ч одоогийн байдлаар түлшний нийлүүлэлт хэвийн яваа. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд борлуулах төлөвлөсөн хэмжээний түлшний нөөц бүрэн хангагдсан. Хөрөнгө санхүү, өртгийн асуудлаар иргэд цахим орчинд идэвхтэй байр сууриа илэрхийлж, үйлдвэрт бүрэн боловсруулсан түлшийг яагаад гадаадаас авч байна вэ гэсэн асуултыг ихээр тавьж байна. Үнэн хэрэгтээ Монгол Улсад одоогоор нүүрсний брикет болон хагас коксын бүрэн хэмжээний үйлдвэр байхгүй.

Энэ жил хагас коксын хэрэглээ рүү шилжиж, бодит үр дүн гарч эхэлсэнтэй уялдуулан дотоодын үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлнэ. Ирэх оноос эхлэн хагас коксыг дотоодоосоо ханган нийлүүлэх боломж бүрдэнэ гэж тооцоолсон.

Ирэх оноос хагас коксыг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ гэж ойлгож болно. Гэхдээ тодорхой нөхцөлд, тухайлбал дулаан улиралд болон утаа тогтоц багатай үед өмнөх шахмал түлш, мидлингийн нөөцийг хязгаарлагдмал хэмжээнд ашиглана. Харин ид хүйтний, агаарын бохирдол өндөртэй үед дотоодод үйлдвэрлэсэн хагас коксоор үндсэн нийлүүлэлтийг хийнэ" гэв.