Х.Тэмүүжин: Гуйж царайчлаад суух бус шаардлагатай мэдээллийг шууд авдаг болмоор байна
Х.Тэмүүжин: Гуйж царайчлаад суух бус шаардлагатай мэдээллийг шууд авдаг болмоор байна
УИХ-ын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан “Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлттэй танилцлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Бид зоригтой алхах ёстой, парламент хянан шалгах эрхийнхээ хүрээнд мөрдөн шалгах үүрэгтэй. Гэтэл манайх мөрдөх гэдэг үгнээс айгаад хянан шалгах хэмээн орчуулж нэрлэсэн. Хянан шалгах хороо гэчихээр бусад сонсголоос ялгагдахгүй болчихдог. Нууцаас гаргадаг эрх мэдэлтэй болох хэрэгтэй. Иргэдийн мэдэх эрхийг хангаж, хамгаалах парламент байх ёстой. Гуйж царайчлаад суух бус шаардлагатай мэдээллийг шууд авдаг болмоор байна" гэв.
Харин Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдал гишүүдийн асуултад хариулахдаа, бид мэргэжлийн түвшинд, хөндлөнгийн ямар нэг нөлөөнд автахгүйг хичээж ажилласан. Та бүхэнд 400 хуудас хоёр тайланг хүргүүлж байгаа. Таван сарын турш ажиллах хугацаанд энд тэндээс гадны нөлөөлөл оруулах гэж их оролдоцгоолоо. Гэвч бидэнд эх орныхоо эрх ашгийн төлөө ажиллах чухал байсан гээд, Хянан шалгах түр хорооны гаргасан саналыг дэмжиж, тогтоолын төслийг баталж өгөхөд анхаарахыг гишүүдээс хүсэв.