Б.Пүрэвдагва: Нийслэл, дүүргийн төсвийн орлогод томоохон өөрчлөлт орсон

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн төсөв 2024-2026 он” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, сүүлийн гурван жилийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн томоохон төсөл, арга хэмжээ, үнэт цаас, түүний зарцуулалт, эргэн төлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төсөвт 25 нэр төрлийн орлого төвлөрч байгаагаас 17 нэр төрлийн татварын орлого, найман нэр төрлийн татварын бусад татвар эзэлж байна. 2022 оны төсвийн жилээс эхлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 40 хувийг нийслэлийн төсвийн тодорхойлолтоор хуульчилсантай холбоотойгоор нийслэл, дүүргийн төсвийн орлогод томоохон өөрчлөлт орсныг Нийслэлийн Засаг дарга танилцуулгадаа дурдсан.

2024-2026 онд хийсэн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтыг авч үзвэл 2024 оны гүйцэтгэл 1 их наяд 811,4 тэрбум төгрөг байсан бол 2026 онд 4 их наяд 657.2 тэрбум төгрөгт хүрэхээр төлөвлөгдсөн нь үнэт цаасны хөрөнгө оруулалтын томоохон төсөл арга хэмжээ, мега төсөв нэмэгдсэнтэй холбоотой байгааг тодотгов.

Төсвийн хөрөнгө оруулалт, үнэт цаасны талаарх холбогдох мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.


Үргэлжлүүлэн “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, эх үүсвэр, шийдвэр гаргалт ба хэрэгжилтийн явц хууль тогтоомжид нийцсэн байдлын талаарх дүгнэлт”-ийн талаар шинжээч Ц.Хосжаргал, Т.Мөнхбат нарын илтгэлийг сонсов. Уг илтгэлд нийслэл 2024, 2025 оны анхны баталсан төсвийг жил бүр дөрвөн удаа тодотгол хийсныг дурдаад алдагдлыг нэмэгдүүлсэн нь тодотгол хийх хуулийн үндэслэлтэй нийцээгүй гэж байлаа. 

Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр баталсан төсөл, арга хэмжээний талаарх мэдээллийг доорх хүснэгтээс харна уу.

Мөн илтгэлд нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр орлогын өсөлт 23.7 хувь байхад, зарлагын өсөлт 34.6 хувийн алдагдалтай байгаа нь төсвийн зарчмыг хэрэгжүүлээгүй байна. 2024 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гаргасан үнэт цаасны 43.2 хувийг ашиглаагүй нь тухайн эх үүсвэрээр санхүүжих төслийн бэлтгэл ажил хангагдаагүйтэй холбоотой. Баталсан төсөвтэй харьцуулахад төсвийн зарлагын гүйцэтгэл дунджаар 77.0 хувьтай байгаа нь төлөвлөсөн хөтөлбөр, арга хэмжээний биелэлт зорилтот түвшиндээ хүрсэн гэж үзэхээргүй байна. Зардлын өсөлт нь хөрөнгийн зардал болон бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр хураамжийн өсөлттэй шууд хамааралтай байна гэж уг илтгэлд дурдсан байлаа.

Шинжээч эцэст нь нийслэл төсвийн төлөвлөлтөөсөө эхлэн хуульд нийцүүлж ажиллах шаардлагатай хэмээн дүгнэсэн юм.